“Увс-2026” нэртэй гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний сургалт, дадлага хоёр дахь өдрөндөө оржээ. Аймгийн Онцгой комисс, орон нутгийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын удирдах бүрэлдэхүүн танхимын сургалтад хамрагдаж байна.
Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Аляскын үндэсний гвард, Тафстын их сургуулийн мэргэжилтэн, экспертүүд хамтран удирдан явуулж байгаа бөгөөд нийт 80 гаруй удирдах ажилтан хамрагдаж байна. Эдгээр хүмүүс тухайн орон нутагт гамшгаас хамгаалах ажлыг шууд хариуцдаг албан тушаалтнууд юм.
Хөтөлбөрийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн бодлого төлөвлөлт, АНУ-ын Шуурхай удирдлагын төвийн туршлага, гамшгаас хамгаалах алба хоорондын харилцан ажиллагаа, эрт хариу арга хэмжээ, цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилтийн асуудлыг судалж байна. Түүнчлэн АНУ-ын Онцгой байдлын агентлагийн үүрэг, чиг үүрэг, гал түймэр, ус цаг уурын аюулт үзэгдэлд хэрэгжүүлэх арга хэмжээ, олноор нэрвэгдэх үеийн туршлагыг хуваалцаж байна.
Үүнээс гадна олон нийттэй харилцах арга барил, ослын үеийн удирдлагын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, эрт хариу арга хэмжээний систем, шуурхай штабын бүтэц зохион байгуулалт зэрэг сэдвүүдийг хамруулсан байна. Ингэснээр байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг сайжруулах зорилго тавьжээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар, https://nema.gov.mn/post/180061