Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хаврын эхэн үед хоосон талбайд эхэлсэн бэлтгэл ажил намрын сэрүүн улиралд амжилттай өндөрлөж байгааг онцлон, энэ бол салбарын хамт олны хамтын хүчин чармайлтын үр дүн болохыг үр дүнгийн хурлын нээлтийн үгэндээ дурдлаа. Тэрээр Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулж, дэлхийн 196 улс болон Европын Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч, 12 хоногийн турш олон улсын анхаарлын төвд байснаа тэмдэглэв.
Сайдын үгэнд энэ үр дүнгийн ард яам, агентлаг, харьяа байгууллага, орон нутгийн ажилтан, мэргэжилтэн бүрийн хөдөлмөр байгааг дурдаж, сүүлийн саруудад эрчимтэй ажилласан бүх хамт олонд талархал илэрхийлэв. Хурлаас гарсан хамгийн ач холбогдолтой бодлогын өв бол бэлчээр, ус, газар, байгальд суурилсан шийдэл, тогтвортой дэд бүтэц, шинжлэх ухаан, хөрөнгө оруулалтыг нэгтгэсэн “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилга гэдгийг тэрээр онцоллоо. Энэ санааг талууд, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд өргөнөөр дэмжсэн байна.
Хурлын үр дүнг практикт хэрэгжүүлэх дараагийн шатны ажил эхэлж байгаа бөгөөд эхний алхам нь салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх явдал юм. 1994 оноос хойш байгаль орчны салбарт суурь хуулиуд батлагдаж эхэлсэн бөгөөд одоогоор 30 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн хүрээнд 14 хуулийг яам хариуцан боловсруулахаар тусгагдсан байна.
Үр дүнгийн хуралд Сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар газар, хэлтсийн дарга, албан хаагчид, харьяа байгууллагуудын удирдлагуудтай хамт бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов. Уулзалтын үеэр салбартаа ажил, мэргэжлээрээ шилдэг үзүүлэлт үзүүлсэн ажилтнуудыг “ТЭРГҮҮН” цол болон “ЖУУХ” бичгээр шагнаж урамшуулав.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (mecc.gov.mn), https://mecc.gov.mn/posts/baigal-orcny-salbaryn-xamt-olnoo-sor17-xurlyn-talbaid-xuleen-avlaa