Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг тухайн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрсдэл, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааруулан ялгавартай тогтоодог. Ингэхдээ ажил олгогчийн цалин хөлсний сан болон түүнтэй адилтгах орлогод суурилан, шимтгэл төлөх ажил мэргэжлийн жагсаалт, хувь хэмжээ, түүнийг хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар баталдаг.
Одоогийн байдлаар энэ асуудлыг зохицуулсан журам нь Засгийн газрын 2023 оны 471 дүгээр тогтоолоор батлагдаж, хэрэгжиж байна.
Хуулийн шаардлагыг бүрэн хангах зорилгоор холбогдох тогтоол болон түүний хавсралтад өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын шинэ төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам боловсруулж, олон нийтээс санал авч байна.
Санал бодлоо otgontuya.d@mflsp.gov.mn хаягаар ирүүлэх боломжтой бөгөөд тогтоолын төслийн бүрэн эхтэй мэдээллийн хавсралт хэсгээс танилцах боломжтой. Нэмэлт мэдээлэл авах бол Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газартай 262686 дугаараар холбогдож болно.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, https://mlsp.gov.mn/content/detail/4175
