Site icon Хязгааргүй мэдээлэл

“Гамшгийг даван туулах чадавх та бидний гэрээс эхэлнэ” уриалгыг дэвшүүллээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэдэг бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1989 оноос хойш энэ жил дахь 37 дахь удаагаа дэлхий даяар тэмдэглэнэ. Энэ жилийн уриа нь “Гамшгийг даван туулах чадавх та бидний гэрээс эхэлнэ” гэжээ.

Онцгой байдлын ерөнхий газраас тайлбарласнаар өрх гэр бол гамшгийн эрсдэлийг хамгийн түрүүнд хүлээн авдаг, чадавхыг бэхжүүлэх анхны суурь орчин юм. Иймээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгэм, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, эмэгтэйчүүдийн, залуучуудын байгууллага, орон нутгийн удирдлага, өрх гэр бүр гамшгийн эрсдэлийг бууруулах тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна.

Онцгой байдлын ерөнхий газар энэ өдрийг тохиолдуулан байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, мэргэжлийн үйлчилгээг сурталчлах сургалт, уулзалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн Ерөнхий сайдын баталсан Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээний удирдамжийг хэрэгжүүлэх зорилгоор гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага зохион байгуулагдана.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар, nema.gov.mn

Exit mobile version