Онцгой байдлын ерөнхий газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх хоёрдугаар шатны төсөл”-ийн хаалтын семинар өнөөдөр зохион байгуулагдлаа. Төслийн хугацаанд барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэх чадварыг үнэлэх, хүчитгэх арга зүйг боловсруулах, тохирох норм дүрмийг сайжруулах, түүнчлэн мэргэжилтнүүдийн ур чадвар, сургалтын хэрэглэгдэхүүнийг дээшлүүлэх олон ажил амжилттай хэрэгжсэн байна.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг үг хэлэхдээ эрсдэлийн үнэлгээг бодлого боловсруулах, төлөвлөлт хийх, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахтай нягт холбох нь төслийн хамгийн чухал стратегийн ач холбогдол гэдгийг тэмдэглэв. Түүнчлэн энэхүү үр дүнг байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол ашиглаж, ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудын аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үзэх шаардлагатайг онцолсон юм.
ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүки төслийн хүрээнд бодлогын шийдвэрүүдийг урагшлуулахын зэрэгцээ загвар барилгад хүчитгэлийн ажлыг бодит байдал дээр хэрэгжүүлсэн нь ихээхэн ач холбогдолтой ололт болсныг дурдлаа. Тэрбээр энэ төслийн төгсгөлийг цаашдын шатны ажлын эхлэл болгон үзэж буйгаа илэрхийлэв.
Хурлын төгсгөлд төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Японы Засгийн газар, ЖАЙКА болон хамтран ажилласан бусад байгууллага, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар, https://nema.gov.mn/post/180364
