Зөвлөгөө

Морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага

2026 оны 03 дугаар сарын 12-ноос эхлэн “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (MNS 6264:2026) стандарт мөрдөгдөж эхэлсэн. Энэ стандарт нь уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед морь унаач хүүхдийг осол, гэмтлээс хамгаалах хувцас, морины хэрэгслийн техникийн болон эрүүл ахуйн шаардлагыг тогтоодог. Хүүхэд, эцэг эх, дасгалжуулагчдад хамааралтай гол зүйлсийг товч танилцуулъя.

Хамгаалалтын малгай. Уралдаан, бэлтгэлийн үед малгайг заавал өмсөнө. Зөвхөн морин спортод зориулсан, үйлдвэрлэгчийн холбогдох бичиг баримттай малгайг сонгоно. Малгайг зориулалтаас нь өөрчилж, нэмэлт тоноглол хийхийг хориглоно. Малгайн бүс нь хүүхдийн толгойн хэмжээнд тохирсон, хөгжлийн түвшинд тохируулах боломжтой байх ёстой. Харааны талбар хөндлөнгөөр харагдахаар, дээш 7°, доош 30° хүртэл нээлттэй байхыг шаардана.

Хантааз. Хантаазны гол үүрэг бол унах үед цээж, нурууг гэмтлээс хамгаалах, доргиллыг сааруулах явдал. Хантаазны энгэр цээжний хэнхэрцэг ясны доош 50 мм-ээс илүү байхгүй, цээжийг бүхэлд нь тойрсон, нурууг бүтнээр нь хамарсан байх ёстой. Мөрний хамгаалалт нь мөрийг бүрэн далдалсан байна. Хүүхдийн хүйс, биеийн онцлогт тохирсон сонголт хийнэ.

Гутал. Шилбэг бүрхсэн түрийтэй гутлыг заавал өмсөнө. Пүүз, үдээстэй гутал өмсөхийг хориглоно. Өсгийн зузаан 20 мм-ээс илүүгүй, өсгийгүй гутал хориотой. Гутлын ул, өсгий нь зөөлөн резин, каучук материалаар хийгдсэн, гулсах материалгүй байх ёстой. Гутлыг хөлд нь тохирсон, холхиж сугардаггүй, хэт бариу биш байхаар сонгоно.

Өвдөгвч, тохойвч, шилбэ, шууны хамгаалалт. Эдгээр хамгаалалтыг спортын зориулалттай, хөнгөн, бат материалаар хийсэн байхыг шаардана. Өргөн резин, зангуу туузаар найдвартай бэхлэгдсэн байх ёстой. Уяа буюу бүсээр бэхлэхийг хориглоно.

Бээлий. Гарын арьсыг зүсэгдэх, няцрах, зулгарах зэргээс хамгаалсан, бат бөх материалтай, гарын хөдөлгөөнд саад болохгүй бээлий хэрэглэнэ.

Морины хэрэгсэл. Эмээл өндөр бүүрэггүй, бүүрэг нь хүүхдийн биеийг холгохгүй байх ёстой. Дөрөө нь хүүхдийн биеийн жинг тэсвэрлэх бат бөх, гутлын улыг халтируулахгүй гадаргуутай, гутлын хэмжээнд тохирсон байна. Хазаарын жолоо нь морины насанд тохирсон урттай байна: азарга, их нас, соёолон 2.0–2.5 м; хязаалан, шүдлэн 1.5–2.0 м; даага 1.5 м-ээс илүүгүй. Хазаар, ташуурын хэмжээ, материалыг ч стандартаар тогтоосон.

Хэрэглээний дүрэм. Малгай, хантааз, гутлыг бэлтгэл сургуулилт болон уралдааны үед заавал хэрэглүүлнэ. Нүдний шил, юүдэн, бээлийг цаг агаарын нөхцөлөөс хамаарч нэмж хэрэглэнэ. Хамгаалалтын хэрэгслийг хэвшил болгохын тулд уралдаанаас өмнөх бэлтгэл сургуулилтаас л эхлүүлэх хэрэгтэй.

Шалгах зүйлс. Гэмтэлтэй, засварласан, эсвэл өөр хэрэгслээр орлуулсан хамгаалалтыг ашиглахгүй. Эргономик шаардлага хангахгүй хувцас, хэрэгслийг хүүхэдэд өмсгөхгүй. Хамгаалалтын хэрэгслийг шошгонд заасан нөхцөлөөр цэвэрлэн хадгална.

Эх сурвалж: MNS 6264:2026 “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага”, Стандарт, хэмжил зүйн газар.

Related posts
Зөвлөгөө

Автомашины техникийн үйлчилгээ, засвар: аюулгүй ажиллагааны гол дүрмүүд

Зөвлөгөө

Галын аюулгүй байдал: ажлын байранд юуг анхаарах вэ?

Зөвлөгөө

Өргөх краны хамгаалах хэрэгслүүд: ажлын байран дээр юуг шалгах ёстой вэ?

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *