Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Монгол Улс бэлчээрийн менежмент, хамгаалал, нөхөн сэргээлтийг олон улсын түвшинд түгээх зорилготой “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-аа албан ёсоор танилцууллаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир энэхүү санаачилгыг дэлхийн болон салбарын удирдагч, хөрөнгө оруулагчдад толилуулж, бэлчээрийн тогтвортой байдал нь зөвхөн экологийн бус, нийгэм, эдийн засгийн үндсэн асуудал гэдгийг тэмдэглэв. Уг санаачилга нь мэдлэгийн менежмент, хөрөнгө оруулалт, институцийн гэсэн гурван тулгуур дээр суурилж, бодлого, олон нийтийн дэмжлэг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Санаачилга үндсэн гурван чиглэлийг агуулна: эхлээд шинжлэх ухаанд суурилсан нийтлэг арга зүйгээр бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх, дараа нь бэлчээрийг хамгаалахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, малчдад бодит дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх, эцэст нь бэлчээрийн орнуудын хамтын ажиллагаа, манлайллыг бэхжүүлэх зорилготой. Үүнтэй холбогдуулан Монгол Улс “Бэлчээрийн орнуудын ирээдүй” санаачилгыг мөн дэвшүүлж байгаа бөгөөд энэ нь шинэ байгууллага байгуулах бус, одоо байгаа хамтын ажиллагааг бэхжүүлэх механизм юм. Сайд Ц.Сандаг-Очир илтгэлээ малчдын манлайллыг дэмжиж, хамтдаа урагшлахыг уриалсан үгсээр өндөрлүүлэв.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, НҮБ-ын Дэд Ерөнхий нарийн бичгийн дарга Ясмин Фуад олон улсын түвшинд гарсан шийдвэр, амлалтууд зөвхөн бичиг баримт болон үлдэхгүй, бодит хөрөнгө оруулалт, талбайн үйл ажиллагаа болж хэрэгжих ёстойг онцолсон юм. Тэрээр бэлчээрийг хамгаалах асуудал нь соёл, амьжиргаа, хүнсний аюулгүй байдалтай холбоотой гэдгийг тэмдэглэж, дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлдэг бэлчээр ойролцоогоор хоёр тэрбум хүний амьжиргааг тэтгэдгийг дурдаад доройтлын эрсдэл өндөр байгааг анхааруулав.
Хэлэлцүүлэгт байгаль орчны салбарын олон улсын удирдлага, малчид, нутгийн иргэдийн төлөөлөгчид оролцов. Кени Улсын төлөөлөгч Малин Оле Каунга бэлчээрийг малчдаас тусад нь авч үзэх боломжгүй гэдгийг онцолж, шийдвэр гаргах явцад малчид, нутгийн иргэдийн оролцоог хангахыг чухалчлав. Тэрээр уламжлалт мэдлэг, технологи хосолсон хандлагыг дэмжиж, ийм том санаачилгыг эхлүүлсэнд Монгол Улсад талархал илэрхийлэв.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (mecc.gov.mn), https://mecc.gov.mn/posts/mongol-ulsyn-devsuulz-bui-belceeriin-terguulex-sanaacilgyg-olon-ulsyn-toloolol-talarxan-xuleen-avlaa



