Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа байгаль орчны талаар сошиал орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн чухал постийг хүргэж байна.
ХАБЭАБО-ны тогтолцооны гажуудал… Аливаа зүйлийн мөн чанарыг ойлголгүйгээр зөвхөн журам, стандартын хэрэгжилтийг хангах үүднээс хийгдсэн процесс хэзээ ч бодит үр дүн авчирч, хөрсөн дээр буудаггүй. Жишээ нь ажилтанууд хувь хүний эрсдэлийн үнэлгээг (Бод 5, Take5) яг юунд ашиг тустай, энэхүү эрсдэлийн үнэлгээг хийснээр тухайн ажилтан аюул, эрсдэлийг хэрхэн яаж хянах боломжтой гэдгийг ойлголгүйгээр зүгээр л өглөө болгон бөглөх ёстой хуудас гэж ойлгож байгаа нь энгийн зүйл мэт харагдаж болох ч энэхүү хандлага нь тухайн байгууллагын ХАБЭАБО-ны тогтолцоонд асар том гажуудал гарсныг харуулж байна.
ХАБЭАБО-ын тогтолцооны гажуудал
Эх сурвалж: Дэлгэрбаярын Цогтбаатар / Facebook-acc/
ISO 45001:2018 стандартыг ХЭМАБ-н менежментийн эрүүл тогтолцоог тухайн байгууллагын хөрсөн дээр буулгаж, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой гаргасан гэж миний хувьд ойлгодог. Гэтэл зарим байгуууллагууд тендер авах, магадгүй байгууллагын нэр хүндээ өсгөх зорилгоор зүгээр л хэлбэр төдий, аудитын байгууллагуудад харуулахаар хэдэн журам гаргачихаад манай байгууллага стандарт хэрэгжүүлсэн байгууллага гэж цээжээ дэлдэх нь элбэг харагддаг. Тэгвэл яг энэ стандарт нь тухайн байгууллагын хөрсөн буусан эсэхийг шалгаад ганц хоёр ажилтануудтай нь ярилцаж үзэхээр стандарт гэж юу болохоо ч ойлгоогүй, яагаад энэхүү стандартыг хэрэгжүүлж байна гэдгээ ч мэдэхгүй байдаг. “Ааааан манай компани нэг тендерт орох гэж байгаа гэсэн тэгээд л ингээд сүржигнээд байгаа юм шиг байналээ” гэсэн ажилтануудтай ч мэр сэр таарч байсан. Тэгвэл бид энэхүү тогтолцооны гажуудлыг хэрхэн яаж арилгах ёстой юм бол? Суурийг нь буруу тависан барилга нурдаг шиг ХАБЭАБО-ны тогтолцоо ч мөн адил анхнаасаа сууриа буруу тависан бол тухайн байгууллагын хөрсөн дээр хэзээ ч наалдахгүй, богино насжилттай л гэж ойлгох хэрэгтэй.
Миний хувьд байгууллагын энэхүү тогтолцооны гажуудлыг ХАБ-н ажилтан ганцаараа арилгана гэдэг үнэхээр асуудалтай гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн хүн. Анхнаас нь ХАБЭАБО-ны мэргэжлийн, мэргэшсэн баг орж, шаардлагатай зөвлөх үйлчилгээ үзүүлж байж ХАБЭАБО-ны эрүүл тогтолцоог сууриас нь зөв тавих нь магадгүй хамгийн зөв сонголт байж болох юм. Хөндлөнгийн байгууллагаар өөрийн байгууллагынхаа ХАБЭАБО-ны тогтолцооны гажуудлыг зөв оношлуулж, шаардлагатай зөвлөх үйлчилгээ авч, ХАБЭАБО-ны эрүүл менежментийн тогтолцоо бий болгож, ХАБЭАБО-ны соёлыг нутагшуулах нь ажил олгогч таны ажилтануудынхаа төлөө хийж чадах хамгийн том хөрөнгө оруулалт.