Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИЖ, НИЙГЭМД ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЬЕ” төслийн техникийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Үндэсний зохицуулагч П.Болормаа ОУХБ-ын 2023 оны үйл ажиллагааны талаар танилцуулж, ирэх онд санхүүжүүлэн хэрэгжүүлж буй төслүүдийн талаарх танилцуулга мэдээллийг өгсөн. Мөн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Мөн ОУХБ-аас хэрэгжүүлж буй “Худалдаа ба хөгжил төсөл”, “Албадан хөдөлмөрийг устгах Бриж төсөл”, “Монгол улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төсөл”-ийн талаарх мэдээллийг тус тус өгч дээрх төслүүдтэй холбоотой холбогдох албаны хүмүүсийн санал байр суурийг сонсож, нийгмийн түншлэгч талуудын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангаж ажиллах тал дээр харилцан санал солилцсон юм.