сэдэвт сургалт нэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. ОУХБ-аас АНУ-ын Хөдөлмөрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бриж II” төслийн хүрээнд уг зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх цуврал арга хэмжээнүүдийг төлөвлөсний эхнийх нь энэхүү сургалт болж байна. Сургалтын нээлтийг МҮЭ-ийн холбоог төлөөлж ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ОУХБ-ыг төлөөлж тус байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли нар хийлээ. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нээлтийн үеэр “МҮЭ-ийн холбооны бодлого, үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь зохистой хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийг хангуулахад чиглэж ирсэн. Тус холбооны 2022-2030 оны хөгжлийн хөтөлбөрт “Албадан хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр болон хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, аливаа дарамт, хүчирхийллийг хорилгох, арилгуулах талаар үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлж, хууль хэрэгжилтийг сайжруулна” хэмээн тусгагдсан. Албадан хөдөлмөртэй тэмцэхэд ҮЭ-үүд чухал үүрэгтэй” хэмээн онцолсон юм.
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц, Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцод 2005 онд нэгдэн орсон. Түүнээс хойш эдгээр конвенцыг үндэсний хууль тогтоомж, практикт хэрэгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргаж, тодорхой арга хэмжээг авч ирсэн ч албадан хөдөлмөр, хөдөлмөрийн мөлжлөг байсаар байна.
Албадан хөдөлмөрлүүлэх нь хүний үндсэн эрх, хөдөлмөрлөх эрхийн ноцтой зөрчил юм. НҮБ-аас 2015 онд батлан гаргасан Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд бүх төрлийн албадан хөдөлмөрийг 2030 онд бүрэн устгах зорилтыг дэвшүүлсэн билээ. Албадан хөдөлмөртэй тэмцэх, устгахад олон талын хамтын хүчин чармайлт шаардлагатай бөгөөд үүнд ҮЭ-үүд чухал үүрэгтэй. Тиймээс энэхүү сургалтад МҮЭ-ийн холбооны гишүүн салбарын болон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоод, үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөл, хуульч өмгөөлөгчид, МҮЭ-ийн холбооны ажлын албаны ажилтан 30 гаруй оролцогч хамрагдаж, “Албадан хөдөлмөртэй тэмцэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах юм.