“Увс-2026” нэртэй хоёр орны хамтарсан гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний сургалт, дадлагын хүрээнд гал түймэртэй тэмцэх, хот дотор болон өндрөөс эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлэх, химийн ослын үеийн ажиллагаа явуулах, түүнчлэн дрон, кибер, усны орчинд хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн үзүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгуулав.
Уг хамтарсан дадлага сургуульд Монгол, Америкийн зохион байгуулагч, сургагч багш нар оролцсоноос гадна баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд болон томилгоот бүрэлдэхүүн хамрагдаж, хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэв.
Тэрчлэн ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэргээр аврах ажиллагааг үзүүлэх байдлаар гүйцэтгэсэн нь оролцогчдын нэн ихээхэн анхаарлыг татав. Энэ нь ямар ч орчинд гамшиг, ослын голомтод Онцгой байдлын алба хаагчид үүргээ гүйцэтгэх чадвартайг харуулсан бөгөөд талууд харилцан туршлагаа солилцох боломж болов.
Дадлага сургуулийн явцад алба хаагчид хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлаа сайжруулж, гамшиг, ослын үед аюулгүй, шуурхай байдлаар эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, мөн нэрвэгдэгсдийг нүүлгэн шилжүүлэх арга барилаа улам бататгалаа.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар, https://nema.gov.mn/post/180167



